Тунгалгийн тогтолцоо бол тунгалгийн шингэнийг эд. эсүүдийн завсраас хурааж венийн судсуудад дамжуулах үүрэгтэй юм. Мөн нөгөө талаар, тунгалгийн шингэний элемөнтүүдийг бий болгоно. Хүний бие махбодод гаднаас орсон бактери, хорт зүйлүүдийг устгах чадалтай байна.
Тунгалгийн тогтолцоо нь дор дурдсан хэсгүүдээс бүтнэ. Үүнд:
1. Тунгалаг үүсгэх эрхтнүүд
2. Тунгалгийн зам
Энэ нь эд, эрхтэнээс ирж байгаа тунгалгийг венийн цусанд нийлүүлэх сувган тогтолцоо юм. Хүний бүх биеэс 4 хос 1 сондгой бүгд 9 том цуглуулах судсаар тунгалаг зүрх рүү чиглэн урсан ирж вентэй нийлдэг. Ийнхүү захаас цуглуулах судсаар урсаж ирж байгаа тунгалаг тунгалгийн цээжний цорго, тунгалгийн баруун цорго гэсэн 2 цоргоор хураагдаж венийн цусанд нийлдэг.
Тунгалгийн цуглуулах том судас
Гэдэсний цуглуулах судас, trunci intestinales. Энэ судас хоёр эхлэлтэй. Хоол боловсруулах болон бөөр, шээсний замын өнгөц судаснууд түүний нэг эхлэл болохын сацуу нарийн бүдүүн гэдэсний цэлмэнгээс мухар эхэлдэг сүүн судсууд хоёр дахь эхлэл нь болдог. Цэлмэнгээс эхэлсэн энэ судас хоорондоо нийлж цэлмэн хоорондын судас, тэр нь цааш өөр хоорондоо нийлж, гэдэсний атираа гогцоо хоорондын судас болж венийн судсаа дагаж эрхтнээсээ гарч ирээд, чацархайн дөрвөн эрэмбийн зангилаагаар дамжин шүүгдэж, 4-р эрэмбийн зангилаанаасаа гармагц өнгөц судастайгаа нийлж, өрцөөр гол судас цээжний хөндий рүү нэвтрэх тэр орчим томоохон цуглуулах судас болж бүрэлдээд тунгалгийн цээжний цоргын үзүүрийн өргөссөн цүнхэлд (cistema chyli) цутгадаг.
Бүсэлхийн цуглуулах судас truncus lumbalis dexter et sinister. Энэ судас өнгөц, гүн гэсэн хоёр коллектор судаснаас бүрэлддэг. Өнгөц судас нь хоёр чиглэлээр доод мөчний өнгөц хэсгээс тунгалгийг хурааж энэ цуглуулах судсанд цутгана. Өлмий, шилбэний өмнө болон дотно тал, гуяны өмнө болон дотно талын тунгалгийг хураасан судас, v.saphena magna-г дагасан томоохон судас болж цааш цавины өнгөц зангилаагаар дамжин бүсэлхийн цуглуулах судаст цутгана. Бүсэлхийн цуглуулах судсыг бүрдүүлдэг өөр нэг бүрдэл нь хөлийн ул, шилбэний араас тунгалгийг цуглуулан v.saphena parva-r дагасан коллекторуудыг үүсгэж, боривны зангилааг дайрч, доод мөчний гүн судаст цутгадаг доод мөч, аарцагны бүслүүрийн яс, үе, холбоо, булчингийн тунгалгийгхурааж, цавины гүн зангилаагаар дайрч шүүгдээд, цааш v. iliaca externa-г дагасан зангилааг дайраад сая бүсэлхийн цуглуулах судас руу цутгадаг.
Эгмэн доорх цуглуулах судас
truncus subclavius dexter et sinister. Энэ нь v.subciavia -г дагаж байрлах ба дээд мөчний тунгалгийг хураадаг өнгөц, гүн хоёр том коллектор судаснаас бүрэлдэнэ. Гарын алга, шууны дотно болон өмнө талаас тунгалгийг нь хураадаг коллектор судас v. basilica -r дагаж тохойны зангилаанд хүрээд түүгээр дайрч дээд мөчний гүн коллектор судаст цутгадаг. Харин сарвууны ар шууны ар хажуу бугалганы ар хажуугийн тунгалгийг хураасан судас v. cephalica -r дагасан томоохон коллектор судас болж суганы енгец зангилаагаар дайрч, эгмэн доорх цуглуулах судсанд цутгадаг. Харин дээд мөч, мөрний яс, үе, холбоо, булчингийн тунгалгийг хураасан судсууд дээд мөчний венийг дагасан том коллектор судсуудыг бүрэлдүүлээд, суганы гүн зангилаагаар дамжин, эгмэн доорх цуглуулах судасны үзүүр болж үргэлжилдэг. Голт, амьсгалын гуурсны цуглуулах судас truncus bronchomediastinales dexter et sinister. Цээжний хөндийн эрхтний тунгалгийг хураадаг баруун, зүүн энэ хоёр цуглуулах судас нэгэн адил цээжний гялтангийн голтны хэсэг үнхэлцэг хальстай наалдсан тэр хэсэгт нэн ялангуяа хүзүүний сүлжээнээс гарсан өрцний мэдрэлийн явах замын ойролцоо, цээжний бүх эрхтнээс цугларсан судсууд нийлж бүрэлддэг. Буулганы цуглуулах судас, truncus jugularis dexter et sinister буулганы дотор венийн дагуу байрлана. Толгой, хүзүүний яс, үе, холбоо, булчигаас тунгалгийг хураасан толгой, хүзүүний гүний томоохон коллектор судас мөн түүнчлэн толгой, хүзүүний өнгөц венийг дагасан толгой, хүзүүкий арьс, салстаас тунгалаг хураасан тунгалгийг цуглуулдаг коллектор судаснуудаас бүрэлдэнэ.
Тунгалгийн цорго
Тунгалгийн цээжний цорго, Ductus thoracicus. Энэ нь цээжний хөндийн ар хананд багана нурууны баруун талд байрлана. Уртаараа 30-41 см, бүсэлхийн баруун ба зүүн цуглуулах судас нийлж үүсдэг. Эхлэл нь сээрний 11-р нугалам ба бүсэлхийн 2-р нугалмын орчимд байна. Энэ нь насны ялгавраас хамаарна. Ductus thoracicus нь эхний хэсэгтээ бүдүүрэлтэй, түүнийг нь cisterna chyli, гэж нэрлэнэ. Зарим хүнд энэ бүдүүрэл байдаггүй (40% орчим). Энэ цорго дээшээ өрцөөр дамжин орохдоо, гол судастай хамт түүний нүхээр цээжний хөндийд орно. Цээжний хөндийн ар ханаар дээшээ явсаар гол судасны нумын орчимд 3-5-р сээрний нугалмын харалдаа, зүүн тийшээ чиглэж, хүзүүний 7 -р нугалмын орчимд нумыг үүсгэж, гүдгэрээрээ дээшээ харан улмаар зүүн бугалга-толгойны венд цутгана. Энэ цорго truncus bronchomediastinalis sinister, truncus subclavius sinister, truncus jugularis sinister, truncus lumbalis dexter et sinister, trunci intestinales гэсэн бүгд 6 цуглуулах судсаар биеийн дөрөвний гуравын тунгалгийг өөртөө цуглуулдаг.
Тунгалгийн баруун цорго, ductus lymphaticus dexter. Энэ цорго толгой, хүзүүний баруун хэсэг, баруун гар, цээжний баруун хэсгийн тунгалгийг truncus jugularis dexter, truncus subclavius dexter, truncus bronchomediastenalis dexter гэсэн 3 цуглуулах судаснуудаар хурааж angulus venosus dexter-т цутгана. Тунгалгийн баруун цорго маш богинохон 10-12 мм юм.